Гэрийн тухай

Эхлэл / Гэрийн тухай

Гэр нь малчин нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдэлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхийнүүдэлчин монголчуудын уламжлалтэкосууц юм.Гэр нь тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой. Монгол гэр нь тооно, унь, хана, хаалга, багана зэргээс бүрдэх яс модтой, өрх, дээвэр, цаваг, туурга зэрэг бүрээстэй, Монгол гэрийн дотор ширмэл ширдэг дэвсэх, тохирсон тавилга тавих, хорин дөрвөн хасах оосор хошлон, хаяавч татах нь гэрийн дотоод, гадаад үзэмжийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монгол хүний амьдралын орчил дахь гол гурван үйл явдал: шинэ хүн төрөх, хуримлах, насан өөд болох тэрчлэн эсгий хийх, шинэ гэр барих, гал голомтоо тахих, нүүдэллэх зэрэг уламжлалт зан үйл, ёслолууд цөм монгол гэрийн оршихуйн хүрээ, соёлын орон зайтай нягт холбоотойгоор өвлөгдөж ирсэн байна.Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан гэрийн уламжлалт урлал, гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монгол үндэстний нэрийн хуудас болох соёлын үнэ цэнийг агуулдаг юм. Нүүдэллэн аж төрөх ёсны соёлын орон зайг нөхцөлдүүлж олон зууныг дамжин хөгжиж ирсэн монгол гэрийн урлал Монгол улсад эдүгээ ч амьд уламжлалаа хадгалан өвлөгдсөөр байна. Монгол гэр урлалын уламжлалыг өнө эртнээс өнөө хүртэл өвлөж үлдсэн голомт нутаг бол Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсэг, Хангайн нурууны өвөр талд орших Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Арвайхээр сумд юм.Энэ бүс нутгийн урчууд гэрийн мод урлалын арга барил, ур хийцээрээ улс орон даяар алдартай бөгөөд улсын хэмжээн дэх гэрийн хэрэгцээний их зонхийг эдгээр урчууд хангаж буй болно. Эдүгээ гэрсууцыг Монголын нийт нутагт түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд монгол гэртэй холбоотой олон зүйлийн уламжлал, ёслол, занүйл өнөө хэр хадгалагдан үлдсэн юм.Гэр сууцыг Монгол улсаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Халимаг дахь монгол үндэстнүүд, тэрчлэнКиргизстан, Казахстаны өвөг дээдэс өөр өөрийн онцлогтойгоор урлаж байсан уламжлалтай.Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан Монгол гэр нь түүний хийц, хэсэг тус бүрээр дагнан мэргэшсэн олон урчуудын хамтын бүтээл байдаг. Монгол гэрийн урлалд холбогдох өвлөгч нар нь гэрийн яс мод буюу хана, унь, тооно, хаалга, багана урладаг модоч дархан, түүнийг хээлэн чимэглэгч будагчин, зүмбэрчин, сийлбэрчин, гэрийн эсгий бүрээс урлаач оёдолчин, гэрийн оосор бүслүүр хошлон томогч, ширдэг ширэгч уран үйлчид юм. Монгол гэрийн урлалд гэрийн яс модны урлал, түүнийг хээлж чимэглэх, сийлбэрлэх үйл ажиллагаа гол байр суурь эзлэнэ. Олон үе дамжин боловсорсон технологийн чанд горим, нарийн чимхлүүр ажиллагаа, ур ухаан, цаг хугацаа шаардсан энэ урлал ихэнх тохиолдолд удам дамжин үеэс үед өвлөгдөж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн баяжиж, хөгжиж ирсэн юм. Монгол урчууд гэрийг хэрэгцээ шаардлагаас нь хамаарч 3 ханатай жижиг гэрээс эхлээд 5, 6, 8, 10 ханатай болон түүнээс том, энгийн хийцтэйгээс эхлээд, гоо сайхны өндөр түвшинд урласан хүндэтгэл ёслолын орд өргөө гэх мэт олон янзын хийц, хэлбэрээр урладаг. Урлаачид гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл тээвэрлэлтийн ая даах бөх бат чанарыг онцгой анхаарч, үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан, бэлгэдэл, ёс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилаар урлан бүтээж ирсэн болно. Уламжлалт гэрийн урлал нь холбогдох урлаачид, хамт олон, өрх бүлийн хувьд аж төрөх эх үүсвэрийг бүрдүүлэхэд туслаж байдаг учраас уг хамт олондоо (community) үе дамжин тогтвортой уламжлагдаж байхнэгэн нөхцөл болдог. Энэ нь тухайн өвийн утга учир, агуулгыг алдагдуулахгүй, харин ч дэмжлэг үзүүлдэг гэж үзэж болно. Монгол гэр нь эдгээр урлаачдын ур ухаанаар дамжин бүтээгдэж, хөгжиж, өвлөн уламжлагдаж байгаа учраас уг урлалыг өмнөх үеэсээ өвлөсөн үнэт зүйлс, өв соёлынхоо салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг юм. Гэр урлал нь хувь урлаач, бүлэг, хамт олны бүтээн туурвих үйл ажиллагаа байдгаас өөрсдийн сэтгэл шингээж урласан бүтээлээр бахархаж тэдгээрээс таашаал хүртэх, дараа дараагийн хийц, урлалдаа тусгах санаа сэдлийг тасралтгүй эрж хайх зэргээр хүний бүтээлч чармайлтын гинжин хэлхээг бүрдүүлж байдаг. Гэр урлал нь тухайн өвлөгч хамт олон, бүлэг хүмүүс өөрийн өвөрмөц онцлог байдал, оршин хөгжиж байгаагаа мэдрэх, залгамж холбоогоо бэлтгэхийн чухлыг ухаарах, соёлын олон төрөл зүйл, хүний бүтээлч сэтгэхүй, туурвилыг ойлгон дэмжих санаа сэтгэлийг төрүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.